Friday, January 25, 2013

"Газар шагайн бүү гудай"

Гутлын хоншоороо ширтэн, гунигт автан, гудайн явах муухай. Нүд сэтгэлийн толь, нүүр биеийн толь. Үгээр илэрхийлж үл болом олон зүйлийг үзэх нүд тайлж өгнө.
Зүрх сэтгэл мэдрэхгүй бол нүд үзэхгүй. Зураачийн сэтгэл зүрхээ бүрэн шингээж зурсан зургийг энгийн нүдээр бүтэн харж, сэтгэл зүрхэндээ бүрэн мэдрэнэ гэж үү? Хүн нүдээрээ гадаад ертөнцийг тольдон хардаг, нүд дотоод ертөнцийг нь тольдон харуулдаг.     Сайхан сэтгэлтэй хүн үзэмж төгөлдөр. Үзэмж төгөлдөр байгаагаа үзэх нүдээрээ илэрхийлнэ. Сайхан сэтгэлтэй хүний нүд сайны ерөөлөөр бусдыг мялаана. Хар буруу санаагүй хүний нүд хайр гэрэлтсэн харцаар мишээнэ. Гэм хийгээгүй хүний нүд гэнэн хүүхдийнх шиг тормолзоно. Өс санадаггүй хүмүүсийн нүд өрөвдөн хайрлах гэрэл сацруулна. Муу бодолтны хүчтэй нь төдийлөн аюултай биш, өстэй нь илүү аюултай.
       Өс санаж, хорсол шингэсэн нүдний анивчих салхинд ч өртөхгүй байвал өлзийтэй. Атаа хорсолгүй хүмүүсийн нүд амгалан бөгөөд дөлгөөн. Өөрөөс нь илүү гарсан бүгдийг хорсол шингэсэн харцаар ширвэж, уур цухлаа аюулхайдаа багтааж ядан тарчлах атаачдын нүд нь мөнхийн хорсолтой. Атаархагч гуниглаж байгаа бол түүнд зовлон тохиолдсон хэрэг биш, хэн нэгэнд баярт үйл явдал болжээ гэсэн үг.
           Атаархалд ад шулмын хор шингээстэй байдаг. Өөрийгөө зовоож, өрөөл бусдыг хорлох атаач зангаас холын хол байхыг хичээ. Үзэн ядахуйн өтөнд баригдсан хүний нүд өндөр уулнаас буух үерийн ус шиг улаанаар эргэлдэнэ. Харц нь хавьтсанаа хяргах мэт догшин. Үзэн ядалт, бүр хорлолтой үзэн ядалтыг төрүүлнэ. Үзэн ядалтын аюулт хорыг анагаах хүч нь хайр, өрөвч сэтгэл. Өөрийгөө болон бусдыг чин сэтгэлээсээ өрөвдөн хайрладаг хүн үзэн ядах хорлолт бодлыг сэтгэлдээ тээж явдаггүй. Ичиж зовсон хүний нүүр улайдаг.
          Ичих нүүрэндээ илэг наасан хүний ичих булчирхай нь хатаж ширгэсэн мэт. Нүүр улайна гэдэг нь цэрвэж цээрлэх муу мэдрэмж биш. Улайх нүүртэй байгаа нь хүн чанараа хаячихалгүй хадгалж яваагийн шинж. Өөрийнхөө үйлдсэн үйлийн өмнөөс нүүр улайх хэцүү, бусдын хийсэн буруу үйлдлийн төлөө нүүр улайх давхар хэцүү. Ойр дотны хүмүүсийнхээ нүүрийг улайлгаж, чихийг халууцуулахгүй байхыг эрмэлзэх нь зөв явдалт хүн бүрийн эрхэм нэр төрийн хэрэг. Түмэнд нүүрээ, төрд нэрээ баралгүй, олондоо нэртэй, түмэндээ тустай явахыг туйлаас хичээ.
        Нүүрэн дээрээ ерөөж, нүднээс далд хараах хүн чанараа хөсөр хаяж гээсэн нөхөр муутай хүнтэй нүүр учран найзлаж, долоон булчирхай, найман найлзуурхайгаа тоочих хэрэггүй. Буруу хэрэг хийгээгүй мөртлөө бусдын нүүр харж чадахгүй гөлөлзөн, гэм хийгээгүй байж гэмтэн шиг дальдчин явах нь хүний хийморь сүлдэнд муу.
       Өнгөрсөндөө сэтгэл ханамжгүй, өөдлөх ирээдүйгээ олж харахгүй хэн боловч уруу царайлж, дорой харцаар доош тонгойн сажилна. Доогуур харцтай, дорой царайтантай дотносон харьцах нь цөөн. Өөдлөх цагийн найз өөрийн үснээс олон, уруудах цагийн нөхөр өдрийн одноос цөөн.
         Эр хүн долоо дордож, найм сэхдэг гэдэг. Чиний өдөр ирж л таарна. Азын тэнгэр ивээнэ. Доогуур харцаа эгцэлж, доройтсон сэтгэлээ өргөж, би хийж чадна гэсэн итгэлээр өөрийгөө зоригжуулж, биеэ дайчлан хичээн зүтгэж, уруудсан амьдралаа өөд нь татах боломж хэзээд байдгийг сортоотой ашигла. Амьдрал сайн тийш өөрчлөгдөхгүй бол муу тийш өөрчлөгдөх нь эргэлзээгүйг мэд.
         Нүүрээ барсан хүн нүдээ анивчих нь олон, нүгэл хийсэн хүн нүүрээ буруулах нь олон гэх үг бий. Буян нүгэл хоёр, сүү ус хоёр шиг сүлэлдсэн энэ хорвоод нүглээ багасгаж, буянаа ихэсгэх талаар хоцорч хожимдоогүй дээрээ эртхэн бод. Нүүрээ буруулан нүдээ анивчихгүй болохыг хүсвэл нүглээ наминчилж, буянаа арвижуулах үйлсэд сэтгэл шулуудан, хоосон ярилгүй, хоёрдмол бодолгүй хэрэгжүүлэхээр зоригло. Түмэнд нүүрээ барж, түймэрт хормойгоо шатаачихсан биш бусдын нүүр харахгүй нүд буруулан дальдчих хэрэггүй, харц дээгүүр, нүүр бардам алх. Хүмүүс чамайг доош хийхгүй, тоож эхэлнэ.
        Эв эрүүл, сав саруул, хүч чадалтай мөртлөө үүрч даахад бэрх мөнхийн дарамтад шаналж яваа хөөрхийлөлтэй нэгэн шиг гишгэх мөрнөөсөө цаашихыг харахгүй хөлөө зөөж ядан гэлдэрч явах нь өөртөө гутамшиг. Өөрийн гэсэн бодолгүй, бусдын харцаар хөдөлж, далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч, дээшээ далбиганан, доошоо хялмалзах – бялдууч бүхний гутамшиг.
     Сүү долоосон гөлөг шиг бусдын нүүр харж чадахгүй гөлөлзсөн, хулгайч муур аятай хулмалзан доош харсан хүнд хэн ч дуртай байдаггүй. Хүний нүүр рүү эгцлэн харж, хэлэх зүйлээ нүүрэн дээр нь ил шулуухан хэлчихдэг дороо суурьтай, дотроо бодолтой хүнийг бүгд хүндэлнэ. Дотоод сэтгэлээ ховорхон нээх, өөрийгөө бөөцийлөн бусдад хайхрамжгүй хандах, буруугаа бусад руу чихэн мэлзэх, уснаас хуурай гарахыг оролдох дотуур тамиртай, хар амиа бодсон хүмүүстэй дотносон ойртох нөхөр ховор. “Хар амиа бодох нь нөхөрлөлд хор болдог”. Нөхөрлөлдөө үнэнч байгаа эсэх нь хүн чанарын тод харагдах илэрхийлэл.
        “Бурхан танаас хэчнээн найзтай байсныг чинь асуухгүй, харин та тэдний хэдийнх нь хувьд жинхэнэ үнэнч найз байсан тухай асуух болно” гэх үг байдгийг үе үе санаж байхад илүүдэхгүй. Мөн өөрөө үнэнч сайн нөхөр байж сайн найзуудтай болдог гэдгийг ой санамжиндаа бат тогтоож авах хэрэгтэй.  Мэдэхгүй, чадахгүйгээсээ зовон, мэддэг чаддаг хүмүүсийн өмнө толгой гудайн зогсох ичгүүртэй.
      Юу ч мэдэхгүй, юуг ч олигтой хийж чадахгүй, дээр нь өөрт хэрэг болох зүйлийг мэдэхийг оролдохгүй байна гэдэг тухайн хүний хувьд гай гамшиг мөн. Мэдье гэвэл мэрийх, чадъя гэвэл чармайх л хэрэгтэй. “Хэдийчинээ ихийг мэднэ, төдийчинээ ихийг чадна”. Мэдэх нэг хэрэг. Мэдсэнээ өөрийн хэрэгцээнд хэрэглэж чадахгүй бол мэдсэний хэрэг юу байх билээ дээ? Мэдлэгтэй, түүнийгээ амьдралдаа ашиглаж чаддаг хүн ямагт дэвжин дээшилж, амжилт олдог. Мэдэхгүй зүйлээ мэддэг дүр эсгэх нь мэдэхгүй байхаасаа долоон дор, ичгэвтэр бөгөөд хортой. Мэдэх зүйлийнхээ зөв бурууг ялгаж салгаж сурвал зохилтой.
     “Буруу мэдлэг нь мэдэхгүй байхаас дор”. Хагас дутуу буюу муу мэдэх нь ямар ч хэрэгцээгүй. “Юмыг муу мэдсэнээс огт мэдэхгүй байх нь дээр”. Өөрийгөө голж чамлаж байхыг муу чанар гэж үздэггүй. Энэхүү чамлалтыг бусдаас дор гэдгээ хүлээн зөвшөөрөх, дорой буурайгаа мэдүүлэх, дорд үзэгдэн доромжлогдож, газар ширтэн гудайж яваагаа илтгэн харуулах биш, ихийг сурч мэдэх, хийж бүтээхийн уриа дуудлага, өөрийгөө ирлэн хурцлах, урагш ахиж дөхөх хөшүүрэг болгон ашиглах хэрэгтэй.
     Өөрийгөө доош хийн, дорд үзээд байвал хэн ч чамайг тоож авч хэлэлцэхгүйд хүрнэ. Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин зовлонтой учирсан үедээ ч толгойгоо дээш өргөх сэтгэл итгэлийн тэнхэлгүй болтлоо гутран гудайхгүй байвал өвчин зовлонтой тэмцэн тулалдах зориг хүч нэмэгдэнэ.
     “Өвчин зовлон – энэ бол тэмцлийн дуудлага, энэ бол аюулыг анхааруулсан, амьдралын манаачийн хашгиралт юм”. Сэтгэлээр унаж, цөхрөн шаналах шаардлагагүй, биеийн эрүүл мэндэд хамгийн хүчтэй эм бол сэтгэлийн сэргэлэн бөгөөд хөгжөөнтэй ааш зан байдаг гэж ухаантай хүн хэлсэн байна.
      Хайртай дотных нь хүн ханан гэрээс холдож, хадан гэрээ бараадахад гуниг зовлон, гашуудал харуусал нөмрөн, гудайлган бөхийлгөх нь хатуу хорвоогийн тавилан. Хагацал зовлон үзлээ ч хатуужин тэсвэрлэж, эхэлсэн бүхэн дуусч, төрсөн бүхэн явдаг тойрч болдоггүй амьдралын хуулийг тэсэн тэвчин туулахаас аргагүй. Энэ үедээ ч доройгоо харуулж, толгой гудайхгүй байхыг эрхэмлэ.
       Ажил төрөл чинь бүтэл муутай байсан ч өр зээлэнд баригдсан буюу тэсч тэсвэрлэшгүй ялагдал хүлээчихсэн мэт толгой гудайн, сэтгэлээр уналгүй, өөдрөг сэргэлэн байдлаа хадгал. Толгой гудайхаар ажил бүтчихдэг бол бүгдээрээ хамтдаа бөхийж тонгойгоод шал ширтэн зогсоё л доо.
      Тийм хөгийн үйлдэл хийх нь инээдэмтэй нь ойлгомжтой. Тэгвэл яах ёстой вэ? Унжийн урвайж, гудайж тонгойсон төрхөө ардаа эгнэгт үлдээн орхиж, тэргүүнээ өндөрт өргөн, омог бардам холыг харж, бүхнийг шинээр эхлэн, итгэл төгс урагшил. Амжилт ололтын наран гийх болно.

No comments:

Post a Comment