Friday, November 2, 2012

“Монголын аялал жуулчлалын хөгжил ба байгаль орчны үзэмжийг хамгаалах эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо



“Монголын аялал жуулчлалын хөгжил ба байгаль орчны үзэмжийг хамгаалах эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”
сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Олон улсын эрлдэм шинжилгээний хурлын зочид төлөөлөгчид
Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль нь гадаадын болон дотоодын мэргэжлийн байгууллага, их дээд сургуулиуд мэргэжилтэн судлаачид болон бизнесийн байгууллагуудтай байнгын холбоотой ажиллаж хууль зүйн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулсаар ирсэн билээ. Энэхүү хамтын ажиллагааны нэгээхэн хэсэг нь Япон улсын Обирины Их Сургуультай хамтран зохион байгуулж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажил бөгөөд энэ ажиллагааны эхлэлийг Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн Д.Наранчимэг, профессор Сайто Такао нар санаачилж, улмаар хамтын үйл ажиллагаа улам өргөжин тэлэх үүд хаалга нээгдсэн билээ.
2009 оноос эхлэн дөрөв дэх удаагийн олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн жил “Хүрээлэн буй орчин ба байгаль орчны үзэмжийг хамгаалах нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Японы Обирины Их Сургууль, Токиогийн Их Сургууль, Нагояагийн Их Сургууль, Фукуокагийн Их сургууль, Голландын Их Сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран зохион байгуулж, мэргэжлийн  яам, Улсын дээд шүүх, Хууль Зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын хууль зүйн их дээд сургуулийн профессор, багш, эрдэмтэн судлаачдыг урьж оролцуулсан билээ.
Энэ удаа дээрх хурлын цуврал болгож энэ хурлыг ОТИС, Японы Их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж, хэлэлцүүлэг хийж байна. Энэхүү олон улсын бага хуралд Япон Улсын Обирины их Сургууль, Токиогийн Их Сургуулийн профессор багш нар болон Өвөр Монголын өөртөө Засах Орны эрдэмтэн, судлаачид оролцжээ.
Аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед байгалийн унаган төрөхийг хамгаалж хадгалах, тэр дундаа байгаль орчны үзэмжийг хамгаалах нь нэн чухал асуудал болж байна. Байгаль болон хүрээлэн буй орчны үзэмж нь улс орны хөгжлийг илэрхийлэх нэгэн чухал үзүүлэлт хэмээн ихээхэн ач холбогдол өгч төрийн бодлогын түвшинд шийдвэрлэж байгаа гадаадын улс орны туршлага болон өөрийн орны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэж байгаад хурлын ач холбогдол оршиж байгаа аж.
Япон улсын эрдэмтэн профессор Ямагучигийн хэлэлцүүлж байгаа “Монголын гэр аялал жуулчлалын баазын хөгжил ба байгалийн төрөхийг хамгаалах нь”, мөн дэд профессор Байгалийн “Овоо тахилга нь аялал жуулчлалын хөгжилд нөлөөлөх нь”, Өвөр Монголын Өөртөө засах орны судлаач Цэрэннадмидын хэлэлцүүлж буй “Монголын уламжлалт хоригууд, үлгэр домог нь байгаль орчны тэнцвэрт байдалд гүйцэтгэх үүрэг”, мөн судлаач Кинглонгийн  “Дэлхийн өв-Юан Шан нийслэл-Жи хот”, судлаач Жин Хуагийн “Өвөр Монголын тал нутгийн аялал жуулчлалын үзэмжийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх тогтолцоо”, Японы профессор Гин шүгийн “Байгалийн үзэмжийг сүйтгэснээс үүдэн ахуй амьдралд гарах асуудал” зэрэг сонирхол татсан олон илтгэл хэлэлцүүлсэн байна. Түүний дундаас профессор Шоза Отагийн Монголын Аялал жуулчлалын нөөцийн ашиглалтын талаар үйл ажиллагаа эрхлэгчдээс авсан судалгааны  үр дүнг нь хэлэлцүүлж байгаа нь  ихээхэн ач холбогдолтой юм.
Энэхүү хурал нь “Тал нутгийн байгаль орчны үзэмж”-ийг хадгалж, хамгаалах тогтолцоог бүрдүүлэх, цаашид энэ чиглэлийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.


Олон улсын эрлдэм шинжилгээний хурлын зочид төлөөлөгчид
Хуульзүйн сургуулийн багш С.Эрдэнэболор

No comments:

Post a Comment