Wednesday, October 17, 2012

Б.БАТХҮҮ: -Би 26 настай. Отгонтэнгэр Их сургуулийн Хуульзүйн сургуулийн 2-р курсын оюутан хүний амь аварлаа

Үерт хүүхдээ тэвэрээд урсаж байгаа  
эмэгтэйг аварсан заслуус
Ах дүүсийг Бат­төмөрийн Батхүү, Хаш-Эр­дэнэ гэдэг
Хоёр хүний амь авар­санд баяр хүргэе.
Тэр үед ч "Амь авраарай" гээд орилж байгаа хүүхдээ тэвэрсэн эмэгтэйг хараад ухаан мэдрэлгүй л зүтгэсэн. Хүн аварч байна ч гэж бодогдоогүй. Одоо бодоод байхад их буянтай үйл хийсэн юм шиг ээ. Өөрсдөдөө баяртай байгаа (инээв).
Өөрсдийгөө товч танил­цуулаач?
Б.БАТХҮҮ: -Би 26 настай. Отгонтэнгэр Их сургуулийн Хуульзүйн сургуульд 2 курсэд сурдаг. Манай дүү 23 настай. Хувиараа ажил хийдэг. Бид дороо нэг дүүтэй. Аав ээж, дүү нартайгаа амьдардаг. Жи­рийн л нэг залуус.
Үер буусан өдөр юу болсон талаар яриач?
Тэр өдөр манайхан бүгд гэртээ байсан. 17.00 цаг өнгөрч байтал гэнэт аадар бороо ороод эхэллээ. Яах, ийхийн зуургүй гудамж руу ч, урд жалга руу ч үеэр буугаад ирсэн. Бага Дарь-Эхийн нэгдүгээр гудамж хоёр талаараа усанд автчихсан. Хүмүүс орилолдоод, хашаа хороо нь нураад сүйд болсон. Бид хаалгаараа гарах гэхээр байшин руу ус орчих гээд байдаг. Ээж "Хашаа урсах нь. Та хоёр гарч урд талынхаа хаалгыг онгойлго. Хашаагаар дүүрэн ус боллоо. Үерийн усыг урагш нь гаргаарай" гэсэн. Тэгээд л бид хоёр цонхоороо гараад хаалга онгойлгох гэтэл зүүн талын хашаа, гарааш нураад ороод ирсэн. Баруун, зүүн талын хашаа зад татаад л ороод ирсэн. Бид хоёр яг урсах гэж байсан.
-Тэгтэл?
Аав, ээж, дүү хоёрдугаар давхрынхаа мансард дээр гараад зогсчихсон. Ээж "Хүүхдүүд үхчихлээ. Алга болчихлоо" гэж орилоод. Хаалгаа онгойлгох л юм бол байшин усаар дүүрчих гээд байсан болохоор гарч чадахгүй, дэмий орилж байгаа нь тэр. Манай байшингийн хажууд, нэг хашаанд хоёр давхар нийтийн байр байдаг юм. Тэр байрны хоёрдугаар давхарт зогсч байсан хүмүүс биднийг байгааг харсан байна лээ. Тэгээд нэгдүгээр давхрын цонхоороо оруулж, хоёрдугаар давхартаа гаргаж дулаацуулсан.
-Нөгөө эмэгтэй, хүүхэдтэйгээ урсаагүй байсан үе үү?
Тийм. Тэгээд байж байтал ээж байшингийнхаа тагтан дээр зогсч байгаад "Эмэгтэй хүн урсч байна" гэж орилсон. Нийтийн байрны цонхоор хартал хүүхдээ тэвэрсэн эмэгтэй хүн "Амь авраарай, туслаарай" гээд орилоод байсан. Бид хоёр ч яах ийхээ ярилцалгүй шууд хоёр давхрын цонхоор шахцалдан доош буусан.
-Та хоёр бас урсчихаар байсан биз дээ?
Шууд хоёр давхраас үсрэхэд усан дээр бууж байгаа юм чинь. Хөл шалбарсан бололтой өвдөөд л байсан санагдаж байна. Хойд талын хашаа үерт унаад хашааны дэргэдүүр урсаад ороод ирсэн. Ус бол гуянаас дээгүүр байгаа юм. Бид хоёр ч зүтгэсээр байгаад дүү хүүхдийг нь, би эмэгтэйг татаж авсан. Дөрвүүлээ нэгнээсээ чирч гулдчсаар байгаад хашаандаа орж ирж байгаа юм.
-Танай хашаа нураагүй байсан юм уу?
Нэг тал нь нурчихсан. Нөгөө тал нь төмөр шонтой байсан болохоор нураагүй байсан.
-Тэгээд бүсгүй, хүүхэд хоёрыг гэртээ оруулах боломж байв уу?
Байхгүй. Гэрийн хаалга онгойх боломж байхгүй. Тэр хоёр цонхоор орж чадахгүй. Бид хоёрын ч хөл гэмтсэн бололтой. Бас сульдаад цонх руу зүтгэж чадахгүй байсан. Тэгээд хашаандаа байсан портер машины кабинд нөгөө хоёроо оруулж дулаацуул­сан.
-Хүүхэд нь айж цочирд­сон байв уу?
Гурван нас л хүрч яваа болов уу гэмээр хүүхэд үерт урсчихаад ямар сайн байх вэ. Чичирч дагжаад. Эмэгтэй бас "Манай нөхөр охин хоёр байдаггүй. Урсчихсан байх" гэж уйлаад. Бид хоёр ч яахаа мэдэхгүй. Кабиндаа суулгаад дулаацуулъя л гэж бодсон. Ээж гэрээс нөмрөх юм шидэж өгснийг нь нөмрүүлээд овоо гайгүй болсон.
-Түргэн тусламж дуудаж амжаагүй юү?
Ээж онцгой руу байнга ярьж байсан юм билээ. Олон айл үерт өртсөн болоод ч юм уу онцгой нэлээд удаж байж ирсэн. Тэгээд хүнд бэртээгүй бол яах вэ, дээр олон айл урсч байна гээд яваад өгсөн. Нөгөө эмэгтэй ч жаахан тайвширч байгаад өрхийн эмнэлэг рүү явсан.

Дашрамд хэлэхэд дээрх залуусын гавьяаг үнэлж “Нийслэлийн хүндэт тэмдэг”ээр шагнасан байна.

No comments:

Post a Comment