Thursday, June 7, 2012

УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрогт нэр дэвшигч УИХ-ын гишүүн НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхорол сонгуулийн сурталчилгааны ажлаа Завхан аймгийн зэвсэгт хүчний 325 дугаар цэргийн ангиас эхлүүллээ.


Цэргийн албан хаагчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө зүтгэж ажиллана.
1921 онд МАН байгуулагдаад хамгийн түрүүнд Ардын армийг байгуулж байсан билээ. МАН энэ удаагийн сонгуульд уугуул нэрээ сэргээж оролцож байгаагын хувьд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол түүнийгээ бэлэгшээж цэргийн ангиас сонгуулийн сурталчилгааны ажлаа эхлүүлж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж бүтээсэн ажил болон намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцууллаа. Уулзалтад УИХ-ын дарга Д.Дэмбэрэл оролцож, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг бүрэн эрхийнхээ хугацаанд нийгэмд шаардлагатай ямар хуулиудыг санаачилж батлуулсан талаар танилцуулсан юм. Тэрбээр "Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталсан.
Уг хуулийг баталлалцсан гишүүдийн тоонд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол зүй ёсоор багтаж байгаа. Түүний хувьд нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа цалин тэтгэвэр, нийгмийн халамжийн бүхий л талын эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн. Ер нь өнгөрсөн жилийн хугацаанд амласан амлалтаа биелүүлсэн гэж бодож байна. Нийгмийн халамжийн тухай хуулийг мөн санаачилж батлуулсан. Энэ салбарт УИХ-ын 76 гишүүнээс толгой цохидог гишүүн гэдэгтээ маргах хүн байхгүй. Д.Оюунхорол гишүүнтэй найман жил улстөрд хамт байсны хувьд ямар хүн бэ гэдгийг нь сайн мэднэ. Түүний хувьд бие даасан том том бодлогын хуулиудыг санаачилж батлуулсан. Д.Оюунхорол гишүүнийг Боловсролын багц хуулийг санаачилж батлуулсан гэдэгтээ Монголын ард түмэн маргахгүй байх гэж бодож байна. НАМЭХ-ны ерөнхийлөгч Завхан аймгаас төрлөө. Энэ нь Завханы эмэгтэйчүүдийн нэр төр юм. Энэ хүнээр Завханы эмэгтэйчүүд бахархах хэрэгтэй" хэмээн хэллээ.
Уулзалтын үеэр дэд хурандаа Г. Чулуунзагд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос асуулт асуусан юм. Тэрбээр "Зэвсэгт хүчинд ажиллаж буй офицер ахлагч нарын нийгмийн асуудал сүүлийн үед орхигдчихоод байна. Өөр дээрээ жишээ аваад үзэхэд Миний эхнэр намайг сургууль төгссөнөөс хойш хаа нэг газар томилогдоод очихоор үргэлж дагаад явж байгаа. Гэтэл миний эхнэр цэргийн мэргэжилгүй өөр салбарын мэргэжилтэй учир түүнд ажил олдохгүй байна. Тийм учраас УИХ-д энэ чиглэлийн хууль санаачилж батлуулж болох уу" гэж асуулаа. Уг асуултад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Цэргийн албан хаагчийн гэр бүлийн асуудал орхигдож байгаа гэдэгтээ санал нэг байдаг. Би эмэгтэйчүүдийн байгууллагынхаа шугамаар цэргийн байгууллагад ажиллаж байгаа эрчүүдийн ар гэрийнхэнтэй уулзаж санал бодлоо солилцож байсан. Тэд яг энэ асуудлыг тавьж байсан. Г.Чулуунзагд намайг хэрэв дараагийн УИХ-д сонгогдвол энэ захиа даалгаврыг биелүүлээрэй гэж хүсч байна гэж ойлголоо. үнэхээр нийгэмд тулгамдсан асуудлын нэг яах аргагүй мөн. Тийм учраас үүнийг шийдвэрлэхийн төлөө зүтгэж ажиллана" хэмээн хариуллаа.

No comments:

Post a Comment